Зовлонго

Зовлонгоор зоологсод


 
Нартад мэндэлсэн үрээ наадмын сунгаанд алдчихна гэж аав нь санасангүй. Наадмын талбайд хурдан хүлэгтэйгээ цоллуулах хонгорхон хүсэлдээ тэр захирагдаж, хойд төрлийг олов. Дэндүү харамсмаар. Энэ оны зургадугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн  Аргалант сумын 2 дугаар багийн нутагт 12 настай хүүхэд моринд чирэгдсэний улмаас гэмтэл авч анхан шатны тусламж авч чадалгүй нас барлаа. Мөн зургадугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын нутагт өөрийн морийг хөлсөлж байсан 11 настай хүүхэд мориноос унаж 50-100 метр газар моринд чирэгдсэний улмаас хүнд гэмтэж, Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Энэ мэт олон харамсалтай тохиолдлууд бүртгэгдсээр байна. Жил бүрийн Үндэсний баяр наадмын хурдан морины уралдаан нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж, хүүхэд мориноос унаж гэмтсэн цөөнгүй тохиолдол бий.
 
Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийт коронавирусийн цар тахалтай тэмцэж байгаа. Манай улсад халдварын нөхцөл байдал хүндэрч, өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол хоёр мянга давж, нас баралт нэмэгдсээр байна. Үүний дунд олон хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ. Гэтэл вакцинд хамрагдсан хамрагдаагүй олон хүүхдийг цуглуулж, хурдан морь унуулах гэнэ. Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүйгээр “Хүй долоон худаг”-т зохион байгуулахаар шийдвэрлэж, бэлтгэл ажилдаа оржээ. Үнэндээ тэдэнд хүүхдийн амь нас эрүүл мэнд, халдварын нөхцөл байдал хамаагүй аж.
 
Тиймээс иргэд цахим наадмыг цуцлахыг шаардаж, төв талбайд цуглаж, олон нийтийн цахим сүлжээнд “NoNaadam” хаштагаар давлагаалж байна. Харин дүүлий төр үүнийг хараагүй сонсоогүй мэт царайлж, наадмын бэлтгэлээ яаравчилсаар л байгаа гэнэ. Цар тахлын энэ үед илүү дутуу хэрэгцээгүй зардлаас татгалзаж, эдийн засаг, эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулалт хийвэл ирээдүйд хэрэгтэйсэн. Гэвч эрх баригчид иргэдийнхээ эрүүл мэнд, энхрий үрсийнхээ амь насыг биш, наадмыг сонгов.
 
 
Цахим наадам, хурдан морины унаач хүүхдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж буй эдгээр өдрүүдэд даатгалын байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хувийн эрх ашгаа хойш тавьж ирээдүй хойч болсон үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаар шийджээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар “Монре даатгал” ХХК, “Мөнх даатгал” ХХК, “Мандал даатгал” ХХК  зэрэг даатгалын компаниуд хурдан морины уяач болон унаач хүүхдийг даатгахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрхүү мэдэгдэлдээ “Хүнд хэцүү цаг үед зүй зохисгүй шийдвэр гаргаж хэрэгцээгүй мөнгийг наадамд зарцуулах гэж буйг эсэргүүцэж байна. Тиймээс бид хурдан морины уяач болон унаач хүүхдийг даатгахгүй. Мөн наадамтай холбоотой үйл ажиллагаа ямар нэгэн зүйлийг даатгахгүй, дэмжиж ажиллахгүй болсныг албан ёсоор мэдэгдэж байна. Бид даатгахгүй бол тэд уралдахгүй” гэж бусад даатгалын компаниудаа нэгдэхийг уриалж байна.
 
Үндэсний баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т Хурдан морины эзэн, уяач нар унаач  хүүхдийг ослын даатгалд заавал хамруулсан байх үүрэгтэй. 4.2. Уяачид нь салбар хорооноос зарласан цаг, байранд өөрийн иргэний үнэмлэх, морины нас, угшлын тодорхойлолт, уралдах хүүхэд, түүний төрсний гэрчилгээ, эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, ослын даатгалд даатгуулсан баталгааг авч ирж бүртгүүлэн, дугаар авах журамтай. Хэрэв унаач хүүхэд ослын даатгалд даатгуулаагүй бол уралдах боломжгүй болно гэсэн үг.
 
Хувийн даатгалын компаниуд учир хэн ч тэднийг уяач, унаач хүүхдийг бүү даатга гэж захирах, албадах эрхгүй. Тэд өөрсдийн өөрсдийн үүрэг хариуцлагыг ухамсарласан учир ийм шийдвэр гаргажээ. Бахархмаар, талархмаар шүү.
 
 
Төрийн байгууллага тэр дундаа хүүхэд хамгаалах байгууллагад ажиллана гэдэг маш хариуцлагатай ажил. Хүүхдийн төлөө бүхий л зөв зүйтэй шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж ажиллах ёстой. Гэвч өчигдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүүхэд хамгааллын байгууллагын томоохон албан тушаалтан хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Тодруулбал, НГБХЗХГ-ын Хүүхэд хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Х.Оюунтуяа “Нийслэлийн нутаг дэвсгэр дээр улсын наадам болдог. Өмнө жилийн наадам маш сайхан болсон. Яагаад гэвэл есөн хүүхэд л унасан. Бүгд хөнгөн. Өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй цөөхөн. Уралдааны явцад хүүхдийг унагаахгүй байх талаас нь маш их анхаарч ажилладаг. Гэхдээ олон морь уралдана гэдэг чинь асуудал. Нэг уралдаанд 300-400 морь уралддаг. Нийт найман насны морьд уралддаг. Тэгэхээр нэг уралдаан нэг, нэг хүүхэд л унаж байна гэсэн үг” гэж хээв нэг ярьж суух юм. Өрөвдмөөр. Хүүхдийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах төрийн байгууллагын даргад есөн хүүхэд мориноос унаж гэмтэх юу ч биш гэнэ. Нэртэйгээр нь морь уралдаж л байдаг. Хүүхэд унаж бэртэж л байдаг гээд хэлчихмээр юм. Аливаа төрийн чухал албан тушаалд тохоон томилохдоо хийх ажил, хүлээх үүргийг нь тодорхой тайлбарлаж өгдөггүй хэрэг үү. Эсвэл унаж бэртсэн хүүхдийн тоо гаргаж, хэвлэсэн цаас тараах үүрэгтэй гэж ойлгосон юм уу. Эрх бүхий албан тушаалтныг томилсон удирдлагууд нь ярилцлагыг нь үзсэн гэж найдъя.
 
 
Үндэсний их баяр наадам, нийт монголчуудын наадам бус УИХ-ын гишүүд, төрийн өндөрлөгүүдийн наадам аж. Цар тахлын энэ үед хүүхэд халдвараар өвчлөх, мориноос унах нь тэдэнд огтоос хамаагүй. Харин тэдэнд  үндэсний баяр наадмын хурдан морины уралдаанд монгол морьдыг эрлийз адуутай хамт уралдуулах эсэх нь хамаатай гэнэ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Ганибал Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуунд өчигдөр албан хүсэлт хүргүүлжээ. Тус хүсэлтэд байнгын хорооны дэргэд хурдан морины үүлдэр угсааг тодорхойлох, шүдлэх ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь өөрөө ажиллахыг хүссэн. Мөн ажлын хэсэгт АН-ын бүлгийн гишүүн Ш.Адьшаа, Ц.Туваан нарыг оруулах саналаа илэрхийлсэн гэнэ. Эмгэнэл. Үнэндээ өнөө цагт энгийн уяачид өөрийн морийг уяж уралдуулах бус хэн нэгэн даргын морийг уяж уралдуулдаг ёс тогтжээ. Нэр, цол нь томчуудад хэрэгтэй. Ямар сайндаа л УИХ-ын гишүүд морьдыг шүдлэх ажлыг өөрсдөө хийх гэнэ. Түмний наадмыг өнгөтэй, мөнгөтэй томчуудын наадам болгож, хүүхэд бус мориндоо санаа зовж суугаа төрийн түшээд.  Тэдэнд хүүхдийн эрүүл мэнд бус цол гуншин хэрэгтэй гэнэ.
 

Related Keywords

Mongolia , Mongolian , Saddam Hussein , Nartad Bo , Branch Committee , Center Province , Arhangai Province The Box , Arhangai Province , United States , For Example , Folk Revolution , They Are , Irresponsible Chairman , All Light , Entrusted Office , Hannibal Environment , People Games , மங்கோலியா , மங்கோலியன் , சதாம் ஹுசைன் , கிளை குழு , ஒன்றுபட்டது மாநிலங்களில் , க்கு உதாரணமாக , அவர்கள் உள்ளன , அனைத்தும் ஒளி ,

© 2025 Vimarsana